ЦЕГ: Жолооны эрх сэргээж, ангилал ахиулна гэх нэрийдлээр бусдад залилуулсан иргэд 8046-4044 дугаарт хандана уу
Жолооны эрх сэргээж, ангилал ахиулна гэх нэрийдлээр бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжлах чиглэлээр алга болсон хоёр хүн, гурван мал, хоёр оргодол этгээд гэмт хэрэгт сэрдэгдсэн зургаан этгээд, дөрвөн тээврийн хэрэгсэл, арван эд зүйлийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 хэргийг илрүүлсэн байна.
Ингэхдээ, жолооны эрх сэргээх, ангилал ахиулна гэж дугаар тоот дансыг ашиглан иргэдийг залилаад эрэн сурвалжлагдсан байсан этгээдийг энэ сарын 23-ны 23:20 цагт Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар хамтран Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.