Ж.Энхжаргалан: Биднийг зохион байгуулалттайгаар хэрэгт унагах гэж үзэж байна
Byadmin
Ж.Энхжаргалан, С.Эрдэнийн хүү Энхтөгс, МУГТ Б.Наранбаатар нарыг Хан-Уул дүүргийн 18-р хороо “LC tower” байрны …. тоот гурван өрөө байрыг Б гэгчээс түрээслэн, мөрийтэй тоглоом тоглож байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй. Мөн тухайн байранд хар тамхи, мансууруулах бодис байсныг эд мөрийн баримтаар хураан авч, материалжуулан шалгаж байгаа аж.
Энэ талаар Ж.Энхжаргалан, “Цагдаагийн байгууллагаас тухайн айлын бүх эд хогшлыг нэгжсэн. Тэгээд тэр айлын гал тогооны өрөөнд цуглуулсан. Тэр дунд хөзөр, даалуу, тариур, зүү, эм гарч ирсэн. Тэгээд мөрийтэй тоглоомоос даамжирч, мансууруулах бодис болоод явчихсан. Цагдаагийн Хар тамхитай тэмцэх хэлтсийг дуудсан. Бид хана руу хараад зогсч байхад 15 орчим хүн гэрт орж гарсан. Хар тамхины тест авахад бүгдээс нь мансууруулах бодис илрээгүй.
Гэтэл зарим хэвлэл мэдээллээр нийтэлсэн шиг мансууруулах бодис огт хэрэглээгүй, зохион байгуулалттай мөрийтэй тоглоом тоглоогүй. Бид найзуудаараа уулзаж, ажил ярилцаж, хөзөр тоглосон. Гэтэл айлд цагдаа нар айлд зөвшөөрөлгүй дайрч орж, төсөөллөө тулгасан. Бүх хүмүүсийн гар утсыг хураан авч, тэр бүх зургийг эрүүгийн мөрдөгч нарын гар утсаар авсан зураг. Тэр баримтжуулсан эд зүйлүүд нь бусад өрөөнүүдээс нь цуглуулсан зүйл. Нийт найман сая төгрөг байсан гэдэг нь бүх хүмүүсийн түрүүвчинд байсан мөнгөн дүн. Биднийг зохион байгуулалттайгаар хэрэгт унагах гэж үзэж байна.
Бидний цаана гэр бүл, үр хүүхэд бий. Гэтэл албаныхан нотлогдоогүй анхан шатны мэдээллийг нийтэлж, ялладаг байх юм уу. Миний бүх хувийн мэдээллийг олон талаас нь мэдээлж байгаа юм бэ. Хувийн нууц гэж алга. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар таслан зогсоож, албан хаагчийг тодорхой болгохыг шаардаж байна” гэв.