“Эрдэнэс Тавантолгой” 500 сая доллар төвлөрүүлэх боломжтой
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны анхны хурал өчигдөр (2022.10.28) болж, Монгол Улсын төсвийн орлогыг бүрэлдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын хэмжээ, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай” гэж танилцуулсан юм.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд уртын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурьтай байна.
Өдөрт хилээр гарах нүүрс тээврийн автомашины тоог БНХАУ-ын тал шийддэг учир халдвар хамгааллаа сайтар баривал машины тоог нэмэх боломжтой. Мөн тээврийн жолооч нарын ажил, амьдралын нөхцөл байдалд анхаарах, Цагаанхад суурьшлын бүсэд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг шийдэх, эмнэлэг барих зэрэг шаардлага байгааг хорооны гишүүд онцлов.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК 500.0 сая ам.доллар орлого төвлөрүүлэх боломжтой” гэв.
Тус хорооны өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрсний тээврийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр болов.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?