REUTERS: Хойд Солонгос зүүн эрэг рүү хоёр пуужин харважээ
Хойд Солонгос улс өчигдөр /2022.10.28/ зүүн эргийн ойролцоо ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харважээ. Пуужингуудыг Ганвон мужийн Тунчон хотоос харвасан гэж Өмнөдийн Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдэв.
Умардын пуужингийн заналхийлэл ихэссэнтэй холбоотойгоор Өмнөдийн арми бүрэн бэлэн байдалд байна. Өмнөд Солонгосын арми хойд хөршийнхөө цохилтыг зогсоох зорилгоор 14 хоног орчим сургуулилалт хийсэн. Тодруулбал, 12 хоног үргэлжилсэн “Хогук 22” хээрийн сургуулилалт өчигдөр дуусгавар болжээ.
Мөн АНУ-тай нягт хамтран ажиллаж, хяналт, аюулгүй байдлаа нэмэгдүүлсэн байна. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал энэ удаагийн пуужин хөөргөлт Вашингтон болон холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй гэж мэдэгдэв. Өмнөд Солонгос болон АНУ-ын 240 орчим байлдааны онгоц Даваа гаригаас эхлэн “Vigilant storm” нэртэй сургуулилалт эхлүүлэх гэж байна. Энэ сургуулилалтад зориулж 1600 гаруй нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгааг АНУ-ын Агаарын цэргийн хүчин мэдэгдэв. Сургалтын хугацаанд агаарын томоохон даалгавруудыг 24 цагийн турш гүйцэтгэх аж.
Пуужин харвасны дараа БНСУ, АНУ, Японы төлөөлөгчид утсаар ярьж, байр сууриа солилцов. Тэд Умардын үйлдлийг өдөөн хатгалга, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн явдал гэж буруушааж байна.
Хойд Солонгос 2018 оноос хойш албан ёсоор хаагдаад байсан Пунгие-ри туршилтын талбайдаа газар доорх дэлбэрэлт хийхэд шаардлагатай бүх техникийн бэлтгэл ажлаа хангасан гэж Өмнөдийн Ерөнхийлөгч мэдэгдээд буй юм.
Эх сурвалж: REUTERS