Японд Хироказү Танака нэртэй 178 хүн цуглаж дэлхийн дээд амжилт тогтоожээ
Бямба гарагт Японы нийслэл Токио хотод болсон арга хэмжээнд 178 хүн цугларсан нь бүгд Хироказү Танака нэртэй байжээ. Ингэснээр ижил нэртэй хүмүүс нэг дор хамгийн олуулаа цугларсан дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.
Өмнөх дээд амжилтыг Марта Стюарт нэртэй 164 хүн Нью-Йорк хотод цугларсан 2005 оны арга хэмжээ эзэмшиж байжээ. Дэлхийн дээд амжилтыг эвдэхийн төлөө Токио хотын Шибуяа дүүрэгт өчигдөр гурваас 80 настай Хироказү Танака нар цугларсан байна.
Тэдний нэг нь бүр Вьетнамын Ханой хотоос нисэж иржээ. Арга хэмжээг “Танака Хироказү” холбооноос зохион байгуулсан байна. Гиннессийн дээд амжилтын номын шаардлагын дагуу тэд бүгд ижил нэртэй цамц өмсөж, театрын танхимд таван минутын хугацаанд суужээ.
Арга хэмжээг зохион байгуулагч 53 настай Хироказү Танака өмнө нь хоёр удаа нэр нэгтнүүдээ цуглуулах гээд бүтэлгүйтэж байсан гэнэ. Тэрбээр 1994 онд анх өөртэй нь ижил нэртэй бэйсболын алдарт тамирчин байдгийг мэдээд ихээхэн баярлаж байжээ. Дараа нь тэр холбоогоо байгуулж, нэр нэгтнүүдээ нэгтгэх оролдлого хийж эхэлсэн байна. Хамгийн сүүлд 2017 онд ийм цуглаан зохион байгуулахад 87 хүн цугларсан нь Марта Стюартын дээд амжилтыг эвдэх хэмжээнд хүрээгүй гэнэ.
Гэвч сүүлд япон ханзаар яаж ч бичсэн “Hirokazu Tanaka” латин галигаар бичсэн нэрийг хүлээн зөвшөөрөхөөр болсон нь асуудлыг шийджээ.
2017 онд Босни-Герцеговин улсын Купрес хотод Иван нэртэй 2,325 хүн цугларсан нь овог харгалзахгүйгээр ижил нэртэй хүмүүс хамгийн олноор цугларсан тохиолдол болж Гиннессийн номд бүртгэгдсэн байдаг. Өмнө нь энэ дээд амжилтад 1,096 Мухаммед цугларсан үйл явдал тооцогдож байжээ.