Г.Эрдэнэбилэг: Бид нэгэнт зориод ирсэн юм чинь гээд тоглолтоо цуцлаагүй
Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас “Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгөө хамт бөгөөд манай улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг” уриалсан.
Гэвч зарим нэгэнд энэхүү эмгэнэлт үйл явдал хамаагүй байсан бололтой. Тодруулбал, “Тоонот” рекордсын уран бүтээлчид өчигдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр Сөүл хотод аялан тоглолтоо хийсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм.
Энэ талаараа тус рекордсын дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/ өөрийн сошиал хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр, “Солонгос улсад гашуудал зарласантай холбогдуулан аравдугаар сарын 30-ны өдөр тоглогдох байсан тоглолтоо цуцлах талаар ярилцсан. Гэхдээ тус улсын арга хэмжээ болж байгаа газруудын маань удирдлагууд ч гэсэн цуцал гэж хэлээгүй. Хэрвээ ийм явдал гарсанд харамсаж, гашуудал зарлаж танай тоглолтыг зохион байгуулах боломжгүй болчихлоо гэсэн бол бид тэрийг хүлээж авахад бэлэн байсан. Бүх л төрийн байгууллага, хувийн байгууллага нь цуцлах шаардлага байхгүй гээд бид нэгэнт л зориод ирсэн юм чинь гээд Монголчууддаа сүүлийн тоглолтоо тоглосон. Тоглолт эхлэхийн өмнө Монгол улсын элчин сайдын яамнаас зөвлөх гээд хүн нь ирсэн. Өөрөө тайзан дээр гараад үг хэлсэн. Бид хүрч ирсэн Монголчуудынхаа саналыг сонсъё гэсэн, энэ тоглолтыг цуцлаад бүгд тарах уу, эсвэл тоглолтоо хийх үү гэж асуусан. Гэхдээ ийм байна, Солонгосчууд нь зүгээр амьдраад байна шүү дээ. Хэдийгээр эмгэнэлт явдал болсон ч гэсэн Солонгосын удирдагч нар бүгдийг хааж бооё гэж оролдохгүйгээр, энд маш олон хүний амьдрал байгаа шүү дээ. Элчин сайдын яамнаас ирсэн хүн нь биднийг бараг заналхийлээд гарсан. Одоо сайтуудаар Солонгосын хууль дүрмийг зөрччихсөн юм шиг, буруу зүйл хийчихсэн юм шиг ойлгогдохоор худлаа албаар мушгиж, гашуудал зарласныг нь онцгой байдал зарласантай хольж хутгаж байна” гэв.