Япон улсаас 31 жилийн хугацаанд $3.3 тэрбумын зээл, тусламж авчээ
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико болон Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон байна.
Одоогийн байдлаар Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5 төсөл, буцалтгүй тусламжийн 3, төслийн бус буцалтгүй тусламжийн 2, техникийн туслалцааны 25 төсөл, өвсний үндэс, хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж буй аж.
Япон Улсын Засгийн газар 1991 оноос хөгжлийн тусламжийг Монгол улсад олгож эхэлсэн. 2022 оны хагас жилийн байдлаар 120.6 тэрбум иений буцалтгүй тусламж, 55.7 тэрбум иений техник туслалцаа, 182.4 тэрбум иений хөнгөлөлттэй зээл, нийт 358.4 гаруй тэрбум иений (3.3 тэрбум гаруй ам.доллар) зээл, тусламжийг үзүүлээд байна.