“Эерэг хандлага-Эрүүл оюутан” хөтөлбөрийг МУИС-ын оюутнуудын хүрээнд зохион байгууллаа
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Эрүүл оюутан-Эерэг хандлага” оюутны эрүүл мэндийн боловсролыг дэмжих нөлөөллийн арга хэмжээг аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл их, дээд сургуулиуд дээр зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд өнөөдөр /2022.11.01/ МУИС-ын шинэ номын санд оюутан залууст:
- Төрөөс залуучуудыг дэмжиж буй бодлого, статистик,
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдахын ач холбогдол,
- Гэр бүл төлөвлөлт,
- Зонхилон тохиолдох БЗДХ-аас урьдчилан сэргийлэх арга зам,
- Эрүүл мэндийн даатгал зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. Мөн сайн дурын ажил, түүний ач холбогдлыг таниулж, оюутан залуусыг цагийн ажилд холбон зуучлах талаар мэдээлэл өгч байв.
МУИС-ын Бизнесийн сургуулийн нэгдүгээр түвшний оюутан М.Баярмаа: “Өнөөдрийн арга хэмжээ үнэхээр үр дүнтэй санагдаж байна. Учир нь энэ өдөрлөгөөр оюутнуудыг цагийн ажилд холбож өгч байгаа юм байна. Би яг одоо цагийн ажил хайж байгаа. Өмнө нь би цайны газарт зөөгч хийж байсан. Бас үйлдвэрт ажиллаж байсан. Оюутнууд цагийн ажил хийхэд цалинг нь дутуу өгөх, урт цагаар ажиллуулах гэх мэт хүндрэлтэй талууд байдаг. Үүнээс сэргийлээд найдвартай, зөв харилцаатай газарт зуучилж өгнө гэж найдаж байна” гэв.
МУИС-ын Нийгмийн судлалын ангийн хоёрдугаар курсийн оюутан Ш.Батням: Оюутнууд өөрийн гэсэн орлогогүй, ажилгүй болохоор нээх эрүүл мэндийн асуудалдаа анхаардаггүй юм шиг санагддаг. Залуу хүн гээд залуу насандаа найдчихсан явдаг. Би бол ковид тусахдаа л сүүлд эмнэлэг орсон. Түүнээс өөрөөр эмнэлэг рүү явдаггүй. Тиймээс энэхүү өдөрлөгөөр оюутан залуус мэдээлэл зөвлөгөөгөө сайн аваад, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаарай гэж уриалж байна” гэлээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж: “Жил болгоны 9, 10 дугаар сарыг оюутны эрүүл мэндийн дэмжих сар болгон зохион байгуулж байгаа. 2017 оноос хойш “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” анх санаачлан зохион байгуулсан хөтөлбөр энэ жил илүү цар хүрээтэй болж байна. Мөн энэ жил ЭМЯ, БШУЯ, ХНХЯ болон Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, НЭМҮТ, СЭМҮТ-тэй хамтран ажиллаж байна. Өнөөдөр МУИС-ын оюутнуудад эрүүл мэнд, БЗХӨ-нөөс сэргийлэх арга, гэр бүл зохиох мэдлэг, цагийн ажилд ороход туслах гэх мэт олон талын мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ” гэв.