УИХ-ын дарга Г.Занданшатар нутгийн өөрөө удирдах байгууллагуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан дээр УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг дамжуулав.  Тэрбээр “Энэ сайн өдөр их Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залж байгаа билэгт үйл явдалд оролцож байгаадаа баяртай байна.

Алд бие минь алжааваас алжаатугай

Ахуй төр минь бүү алдартугай

Бүтэн бие минь алжааваас алжаатугай

Бүрэн бие минь бүү алдартугай хэмээх Их Засаг хуулийн нэг хэсэг болсон Чингис хааны энэ сургаалийг НИТХ-ын энэхүү танхимд залсан нь их учиртай гэж ойлгож байна. 1990 оны есдүгээр сард анхны байнгын ажиллагаатай парламентын гишүүд энэ үгийг хэлж андгай өргөж байсан. Энэ бол төр түмнийхээ төлөө зүтгэе гэсэн маш том философи. Ахуй төр минь гэдэг өөрийгөө хэлж байгаа хэрэг биш, би байхгүй ч улс орон минь мөнх оршиг гэсэн том санааг агуулж байгаа. Бидний үйл ажиллагааны гол зарчим, философи байх ёстой энэ сургаалийг залсанд баяртай байна” гэдгийг хэлээд УИХ-ын даргын мэндчилгээг сонордууллаа.

 

“Нийслэлийн нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжөөд 30 жил боллоо. Төлөөллийн ардчиллыг Монголын ард түмэн сэтгэл оюун, чин хүслээрээ сонгож Үндсэн хуулиар баталсан бөгөөд 1992 оны нутгийн өөрөө удирдах шинэ тогтолцоо нь ард түмэн төрийн эрхэнд шууд оролцож, ард түмнийхээ итгэлийг төлөөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг сонгодог зарчим юм. Энэхүү ард түмний төлөөллийн эрх мэдлийг 1992 оноос хойш эдүгээг хүртэл улсын хэмжээнд хэрэгжүүлж, хөгжүүлэн бэхжүүлж ирлээ. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн НИТХ-ын сонгууль болж, нийслэлчүүд чөлөөт сонголт хийж, төлөөллөөр дамжуулан 372 төлөөлөгч итгэл хүлээн сонгогдож, иргэдийн эрх ашгийг илэрхийлж, нийслэлийн хөгжлийн төлөө өөр өөрийн хувь нэмрийг оруулж ирснийг бахархан тэмдэглэж байна.  НИТХ-ын төлөөлөгч болон нийслэлийн иргэдийн итгэл сэтгэл нэг зүгт байж нийслэлийн иргэдийн нийтлэг хүсэл хангагдаж чадна. Үндсэн хуульд орсон шинэ нэмэлт өөрчлөлтөөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоог боловсронгуй болгосон нь эдийн засгийн шинэ боломж бүрдүүлсэн гэж үзэж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь УИХ-аар баталсан хуулийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавин ажилладаг төлөөллийн онцгой субьект болохын хувьд өнгөрсөн 30 жилийн НИТХ-ын түүх бол төрийн удирдлагыг хамтран хэрэгжүүлж ирсэн үйл хэрэг юм” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ тэмдэглэжээ. Улмаар  түгжрэл, агаарын бохирдол, төлөвлөлтгүй газар олголт, байгаль орчны доройтол зэрэг нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдэх нь нэн чухал байгаа бөгөөд нийслэлд дагаж мөрдөх дүрэм журмыг иргэдийн санаачилгад тулгуурлах нь эдгээр тулгамдсан асуудлыг шийдэх гарц байх болно гэдгийг онцоллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *