“Тагтаар дамжин гарах гэж байгаад унасан иргэн ГССҮТ-д эмчлүүлж байна”
Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн Ханбогд хорооллын байрнаас иргэн унасан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр шөнө Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах байрны гурван давхараас хүн унасан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа. Тухайн иргэн толгойдоо гэмтэл авч, хэлээ хазсан байдалтай байгаа бөгөөд ГССҮТ-д эмчлүүлж байна. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн цагдаагийн алба хаагч жирэмсэн эмэгтэйг шалгаж, зүй бус харьцсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлыг мөн шалгаж байгаа. Өчигдөр 00:00 цагийн үед БГД-д зорчиж байсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолоо барих эрхээ хасуулсан 25 настай иргэн байсан. Үүн дээр замын хөдөлгөөнд оролцох журмын дагуу зөрчлийн хуулиар хариуцлага тооцоход хажууд нь сууж явсан жирэмсэн эмэгтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Уг нь журмын дагуу 23.00 цагаас хойш хязгаарлалт тогтоосон мөн эрхээ хасуулсан атлаа хөдөлгөөнд оролцож байвал тээврийн хэрэгслийг журамлах үүрэгтэй байдаг. Гэхдээ жирэмсэн хүн явж байсан учраас торгоод явуулсан юм билээ” гэлээ.