Хоёр настай хүүхдээ ТҮЦ-т үлдээж явсан эмэгтэйд эрүүгийн хариуцлага хүлээлгэв

Иргэн Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхэд болох хоёр нас нэг сартай О-г Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх түргэн үйлчилгээний цэг дотор орхижээ. Прокуророос Н-ийн уг үйлдлийг “хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь төрүүлсэн үр хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй, хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ болох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н-ийг хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг нь харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments