|

“Авлига” хорооллыг зогсоож дийлдэггүй МХЕГ-ыг татан буулгав

Ердөө хоёр жилийн өмнө “Дунд гол дагуу Азид хамгийн томд тооцогдох усан парк барина” хэмээн олон нийтэд сурталчилж, томоос том самбар өлгөж байсан газарт өдгөө 24 давхар орон сууцны хороолол баригдаж, хэзээ мөдгүй ашиглалтад ороход бэлэн болсон. Уг орон сууцны хорооллыг иргэд, олон нийт эсэргүүцэж, “Авлигын хороолол” хэмээн нэрийдэн тэмцсэн ч тусыг эс олсон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас барилгын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт хүргүүлсэн ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Барилгын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх мэдэлгүй” гэдгээр асуудлыг орхигдуулсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тухайд зөвхөн энэ ч бус өнгөрсөн намар Эмээлт захад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мах бэлтгэлийн үйлдвэрт ч бүрэн дүүрэн хяналт шалгалт хийх чадамжгүйгээ нотолсон. Ингэхдээ агуулахад хадгалагдаж байсан гарал үүсэл нь тодорхойгүй махыг эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт чанаж амсах замаар хяналт шалгалт явуулж “Хоргүй” хэмээн дүгнэж байсныг монголчууд бүгдээрээ харсан. Тус байгууллагатай холбоотой зөвхөн ойрын жишээ гэхэд энэ бөгөөд Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулахаар болсон.

Уг шинэчлэл бүрэн дүүрэн хэрэгжиж, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг салбар яам, байгууллагад хариуцуулж, нэгтгэн зохион байгуулснаар наад зах нь дахин шинэ “Авлига хороолол” баригдаж, мэргэжлийн хяналтын байцаагчид мах чанаж чанарыг нь шалгах боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын эрхийг нь бүрэн дүүрэн олгохын зэрэгцээ үүрэг хариуцлагыг нь ч хийдэл давхардалгүй шаардах эрх зүйн шинэчлэлийг хамтад нь хийж буй нь энэ аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *