Д.Амарбаясгалан: Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан автомашин хэрэглэхгүй
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газрыг ТӨААТҮГ болгон өөрчлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Уг улсын төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтантай, улсын төсвөөс жилд 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнийг 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгон өөрчиллөө.
Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу тухайн авто бааз нь дуудлагаар үйлчилгээ үзүүлнэ, орон нутгийн томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах юм. Төрийн хэмнэлтийн хууль үүгээр дуусахгүй. Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан автомашин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд сард 100-200 мянган төгрөгийн хязгаартайгаар дуудлагын такси үйлчилгээ ашиглах эрх олгоно” гэлээ.