|

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзлаа

“Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” өчигдөр /2022.11.02/ Австрали улсын Сидней хотод эхэлж, хурлын үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөллүүд оролцож байна.

 

Нээлтийн ёслолын ажиллагааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Австралийн Күийнсланд мужийн Парламентын гишүүн, Эрдэс баялгийн сайд Скотт Стюарт, Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Бандар Бин Ибрахим Алхорайеф мөн Энэтхэг улсын Уул уурхайн сайдын төрийн нарийн бичгийн дарга Вивек Барадваж нартай уулзсан.

 

Уулзалтаар, Монгол Улсын ашигт малтмалын хайгуулын салбарын аж ахуйн нэгжүүдийг тус мужийн холбогдох байгууллагуудтай холбох, Күийнсланд мужийн геологийн суурь судалгааны чиглэлийн инновацилаг, дэвшилтэт технологийг Монгол Улсын геологийн салбарт нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах, зарим ашигт малтмалд ногдуулж буй роялти татварыг хэрхэн оновчтой тодорхойлох, газрын тосны салбарын геологийн суурь судалгаа, хайгуулын чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар мэдээлэл солилцож, туршлага хуваалцлаа.

 

Мөн өдөр сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан захирал Демус Кинг, Викториа мужийн Дэд комиссар бөгөөд Ойрхи Дорнод, Төв Азийн бүсийг хариуцсан захирал Кассем Янестай уулзсан юм.

 

Уулзалтын үеэр Австралийн геологи хайгуул, олборлолтын компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах боломж, манай улсын геологийн нөөц, бололцооны талаар мэдээлэл солилцлоо. Геологи хайгуул, олборлолтын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, цаашид геологи хайгуулын чиглэлээр өндөр технологи нэвтрүүлэх шаардлага, Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар сайд Ж.Ганбаатар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлсэн.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох журам, газрын ховор элемент, критикал минерал, зэсийн хайгуул, олборлолтын асуудлаар мэдээлэл солилцож, байнгын харилцаатай хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *