Танхимд багтаагүйн гоморхол
Чуулганы хуралдаан бүрт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн попролт ихэсч, камер харангуутаа намынхныгаа муулж, шударга түшээгийн дүрд тоглох болжээ. Энэ нь түүний шинээр эмхлэгдсэн Засагт багтаагүйн гоморхол гэдгийг мэдээлэлд ойр хэсэг хэдийнээ гадарлаж байгаа. Сангийн сайд эсвэл Эрчим хүчний сайд болох түүний амбицийг нам дотор нь дэмжсэнгүй. Сандал суудал булаацалдсан эрхэм гишүүн танхимд багтаагүйнхээ хор шарыг Сангийн сайд болон намынхныгаа хэвлэлээр муулж гаргах болжээ.
Сонгууль дөхөхөөр л намаа муулаад эхэлдэг түүний энэ занг олон нийт андахгүй. Гишүүний сэнтийгээ сайдынхаар давхарласан үедээ түүн шиг намдаа хайртай хүн байдаггүй. Харин зураасны гадна үлдэх үедээ эсвэл сонгууль дөхөхөөр шударга дүрд хувилж, өөрөөөсөө бусдыг хаяанаасаа аван ххдарч эхэлдгийг сүүлийн хэдэн сонгуулийн мөчлөгөөс харж болно.
МАН энэ хүнд гишүүний тойрог хуваарилж, засгийн танхимдаа ч суудал өгч байсан. Харин тэр үед эрхэм гишүүний ам хамхиастай, иргэдийн талд биш эрх баригчдын талд байдаг.
Энэ удаа иргэддээ хайртай болж эрх баригчдынхаа эсрэг дуугарах шалтгаан нь танхимд багтаагүйн агсралтаас гадна Дарханы Арьс ширний үйлдвэртэй холбоотой хэргээр АТГ-ын хаалга онголзуулах эрсдэлтэй болсноос гэж хэвлэлүүдэд бичиж байна.
Нэлээд хэдэн жилийн өмнө эрчим хүчний салбартай холбоотой Монголын сайд нарын авилга нэхсэн 10 сая долларын хэрэг сураг дуулдаад таг болсон. Үүний ойр хавьд ч түүний нэр дуулдсан.
МАН өнөөдөр дотроо “цэвэрлэгээ” хийж байгаа дүр зургаас харахад дарагдаад өнгөрсөн асуудлууд эргэж босч мэдэхээр болсон нь зарим хүмүүсийн идэвхийг сэргээв бололтой.
Олон нийт гишүүний шударга сайныг үнэлэхгүй, ээлжит жүжиг гэж байгаа нь өнгөрсөн өдрүүдийн сошиал сүлжээнд явсан мэдээллүүдээс харагдана. Сангийн сайдыг дайрсан түүний үгний хариуд “Арван хувь дуу орсон бол нөгөө талд нь итгэнэ” гэсэн агуулгатай жиргээ хэд хоног “үерлэв”. Түүний дахин дахин давтамжтай найруулдаг шударга үнэний жүжиг нь тойргийн болон танхимын хуваарилалтаас л үүдэлтэйг улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийт ч гадарлах болжээ.