Илон Маск худалдаж авсан Твиттер компанийнхаа ажилтнуудын талыг халахаар төлөвлөжээ
Тэрбумтан Илон Маск дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг худалдаж аваад долоо хонох гэж байна.
Тэрбээр тус компанийн нийт ажиллах хүчний талыг цомхотгохоор болсон тухай ойрын эх сурвалжууд саяхан мэдээлжээ. 2021 оны сүүлээр Твиттер компани 7,500 орчим ажилтантай байсан юм. Цомхотголд тэдний 3,700 орчим нь хамрагдахаар болжээ.
Халагдах хүмүүст шийдвэрийг маргааш буюу Баасан гарагт мэдэгдэхээр төлөвлөсөн гэнэ. Одоо Маск цомхотголыг хэрхэн зохион байгуулах талаар өөрийн зөвлөхүүдтэй хэлэлцэж буйг эх сурвалж мэдээлжээ. Үүнд хамрагдсан хүмүүст 60 хоногийн цалинг нь гэнэт халагдсаны тэтгэмж болгон олгох хувилбар яригдаж байгаа гэнэ.
Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск энэ оны дөрөвдүгээр сард $44 тэрбумаар Твиттерийг худалдаж авах санал тавьж байв. Үүнийг хэт өндөр үнэ гэж олон хүн шүүмжилж байсан юм. Маск дараа нь саналаасаа буцах гэж хэсэг хугацаанд оролдсон ч бүтээгүй. Твиттер компанийн хувь эзэмшигчид түүнийг амласан үнээрээ худалдаж авахгүй бол шүүхэд өгөхөө мэдэгдэж байжээ.
Ингээд шахалтад орсон Маск шүүхэд дуудагдахгүйн тулд аравдугаар сард багтаан Твиттерийг анх хэлсэн үнээрээ авахаас өөр замгүй болсон юм. Одоо Маск худалдаж авсан компанийнхаа ашгийн түвшнийг нэмэгдүүлэхээр шаргуу ажиллаж байна.
Тэрбээр Твиттерийн удирдах зөвлөлийг тарааж, өөрийгөө цорын ганц шийдвэр гаргагч болгосон юм. Бас компанийн гүйцэтгэх удирдлагуудын ихэнхийг халаад байгаа.
Эхэн үедээ түүнийг Твиттерийн ажиллах хүчний 75 хувийг цомхотгох гэж байна гэсэн яриа гарч байв. Маск сүүлд үүнийг няцааж, тийм өргөн хүрээнд цомхотгол явуулахгүйгээ амлаж байсан юм.
Тэрбээр Твиттерийн үндсэн бүтээгдэхүүнтэй шууд холбоотой боловсон хүчин болох программчлалын болон системийн инженер, дизайнерын ажлын байруудыг хадгалж үлдэх зорилготой байгаагаа саяхан илэрхийлж байжээ.
Эх сурвалж: ikon.mn