ЕБС-ийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, мэсээр гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 3-ны өдрийн 17:00 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, эрэгтэй Т нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн 12-14 насны дөрвөн сурагч үйлдсэн болохыг тогтоолоо.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч Т-г цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй Д дал болон хавирганы орчим хоёр удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ