Н.Алтанхуяг: Б.Жавхлан гэмт хэрэг хийсэн хүн мөн
Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох товтой байсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Б.Жавхлан гэдэг хүн гэмт хэрэг хийсэн хүн мөн юм байна гэж би итгэлээ. Учир нь Ц.Даваасүрэн гишүүн энэ хүнийг Хөгжлийн банкыг хэрхэн дампууруулсан тухай хэд хэдэн удаа ярьсан. Энэ хүн одоо Ерөнхий сайдын нэрийг барьж тараасан мэдээллээсээ шал өөр буюу гүтгэлгийн шинжтэй материалыг УИХ-ын индэр дээрээс уншиж байна. Ард түмэн үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй. 9 хуудас бүхий материал тараачхаад сая индэр дээрээс олон юм уншсан. Тэр нь бүгд худлаа шүү. Тэгэхээр бид юу асууж, яаж мэтгэлцэх юм. 2017 оны хуулийг өөрчилж байгаа Б.Жавхлан Хөгжлийн банкинд хүмүүсээ тавьж байгаад өчнөөн мөнгө идсэн гэж Ц.Даваасүрэн гишүүн хэд хэдэн удаа хэлсэн. Үүнийг хуулийн байгууллага яагаад шалгахгүй байгаа юм. Энэ хүн яагаад Улсын их хурлын индэр дээрээс гүтгэлгийн шинж чанартай материал уншаад зогсож байдаг юм” гэжээ.