|

CNN: Пакистаны ерөнхий сайд асан Имран Хан буудуулжээ

Пакистаны ерөнхий сайд асан Имран Хан 2022.11.03-ны өдөр улс төрийн жагсаалын үеэр галт зэвсгийн халдлагад өртжээ. Сум Имран Ханы хөлөнд тусжээ. Жагсаал Пунжаб мужийн Гужранвала хотод болсон. Үймээний үеэр нэг хүн нас барж, хэд хэдэн хүн шархадлаа. Тухайлбал, Имран Ханы ойрын холбоотон, ахлах улстөрч Файсал Жавед толгойдоо шарх авчээ. Ерөнхий сайд асанг хоёр цаг хагасын зайтай Лахор хот руу эмчлүүлэхээр авч явсан бөгөөд биеийн байдал нь харьцангуй тогтвортой байсан гэв.

Гал нээсэн этгээд онгорхой ачааны машинаас бууджээ. Сэжигтэнг цагдаагийнхан саатуулаад буй бөгөөд есөн мм-ийн гар буу, хоёр сумтай байсан гэлээ. Энэ хэргийн ард хэн байгаа, хэчнээн мөнгө авсан гэдгийг мэдэхийг хүсч буйгаа Пенжаб мужийн ерөнхий сайд Чаудри хэллээ.

Имран Хан орон даяар айлчилж буй бөгөөд айлчлалын долоо дахь өдөр уг халдлага болжээ. Тэрбээр ирэх наймдугаар сараас өмнө ээлжит бус сонгууль явуулахыг уриалж жагсаал хийж буй. Жагсаал аравдугаар сарын 28-нд Лахор хотод эхэлсэн бөгөөд Пакистаны хэд хэдэн хотод үргэлжилж, Исламабадад дуусах ёстой байсан. Энэ буудалцаан одоогийн ерөнхий сайд Шехбаз Шариф болон Хан нарын хооронд хурцадмал байдал үүсгэж магадгүй байна. Имран Ханыг албан тушаалаас нь огцруулах кампанит ажлыг Шехбаз Шариф удирдсан.

Тиймээс халдлагын ард Шехбаз Шариф, Дотоод хэргийн сайд Рана Санаулла, Тагнуулын ахлах ажилтан Файсал Насир нар байсан гэж Имран Хан хэллээ.

Буудалцааны дараа Пакистан даяар Имран Ханыг дэмжсэн эсэргүүцлийн жагсаал өрнөөд байна. Тодруулбал, Исламабад, Пешавар зэрэг хотод 800 орчим жагсагч цугларчээ. Тэд арми болон холбооны засгийн газрын эсрэг уриа лоозон барьж, хоёр цаг орчим зам хаасан байна.

Эх сурвалж: CNN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *