Өмнөд Солонгост уурхайн гүнд 9 хоног хоригдсон ажилчид найруулдаг кофегоор амьд гарчээ
Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Солонгосын цайрын уурхайд осол гарч, хоёр уурхайчин дарагдсан байсныг ес хоногийн дараа аварсан юм. 62 ба 56 настай хоёр уурхайчныг Баасан гарагт уурхайн гүнээс гаргаж, орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна.
Аравдугаар сарын 26-ны өдөр Бонхва дахь уурхайд нуралт үүсэхэд тэд бараг 200 метрийн гүнд дарагдаж байжээ. Ес хоногийн хугацаанд уурхайчид өөрсдөд нь байсан найруулдаг кофены нунтгийг хоол болгож, уурхайн адраас шүүрэх усаар ундаалж байсныг аврагчдын тэргүүн Лим Юн Сүк хэвлэлд ярьсан байна.
Өнгөрсөн хугацаанд аврагчид дарагдсан хонгилыг өрөмдөн цоолж, камер нэвтрүүлэн уурхайчдыг хайж байжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл “Үхэл амьдралын зааг дээрээс эсэн мэнд буцаж ирсэн та бүхэнд дахин дахин баяр хүргэж байна” гэж өчигдөр фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: ikon.mn