А.Адьшаа: Б.Болор-Эрдэнэ олон улсын индэр дээрээс улсынхаа төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхсан
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ жилийн өмнө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын дарга байхдаа Саудын Арабын Эр Рияд хотноо болсон Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг “Future Investment Initiative” чуулганд оролцсон. Энэ үеэрээ “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан” гэх утгатай үг хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй.
Энэ талаар АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн А.Адьшаа, “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийн яриаг хэвлэлээр үзсэн. Би юу яриад байгааг нь ойлгоогүй. Төрийн сайд хүн олон улсын индэр дээрээс монгол улсынхаа төрийн алба хашиж байгаа хүмүүсийг ялгаварлан гадуурхаж ярьж байгаад хариуцлага тооцох хэрэгтэй. Ёс суртахууны хариуцлага ярих ёстой. Хоёрдугаарт, тэр хүн Үндсэн хууль зөрчсөн. Үүнийг шат шатанд нь хариуцлага яригдах байх” гэв.