“Номин” холдингийн захирал Ш.Баярсайхан УПЕГ-т гомдол гаргажээ
“Номин” холдинг ХХК-ийн ТУЗ-ын дарга Ш.Баярсайхангийн өмгөөлөгч Д.Баттулга өнөөдөр УПЕГ-т гомдол гаргажээ.
Тэрбээр, “Ш.Баярсайхан 2016 онд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүнд 20 тэрбум төгрөг өгч залилуулсан. Энэ хэрэг 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл шалгагдаад явж байна. 2020 онд анхан шатны шүүхэд шилжээд Б.Эрдэнэбат 7 жилийн хорих ял авсан. Улмаар давж заалдах болон Дээд шатны шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад буцсан. Гэхдээ 20 тэрбум төгрөгөө одоо болтол буцааж авч чадаагүй байна. Бидний хардах эрхийнхээ дагуу тодорхой гомдол гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт шалгагдаж байгаа хүний өмгөөлөгч нь прокурорын байгууллагад ажиллаж байсан, хяналтын прокурор, хэлтсийн дарга гэх мэт удирдах албан тушаалд байсан хүн энэ хэрэгт оролцож байгаа үйл явц нь Эрүүгийн хуулийн 22-т заасан албан тушаалын байдлаа урвуулах, авлигын гэмт хэрэг байж болзошгүй үр дагавар байна гэж харж байгаа. Хэрвээ ийм асуудал байгаа бол шалгаж өгөөч ээ” гэсэн хүсэлт, гомдол тавьж байна” гэв.