ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шүүмжлэлд өртсөн дэд сайд Б.Болор-Эрдэнийг өмгөөлөв
Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцохдоо ахмад үеэ шүүмжилсэн хандлагатай зүйл ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Үүний араас түүнийг дэд сайдаас огцруулах ёстой гэх байр сууриуд ч хөвөрч байгаа.
Өмнө нь Үндсэн хууль зөрчсөн, хүний эрхийг хөндсөн гэх агуулгаар хоёр ч хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн учир ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн байр суурь чухал байв.
Тиймээс дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлөх үү гэх асуултыг сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулжээ.Тэрээр асуултад “Бүтэн жилийн өмнө ярьсан ярилцлагыг гэнэт гаргаж ирж, асуудал үүсгэж байгаа учраас зохион байгуулалттай гэж харагдаж байна. Сайдыг томилох, чөлөөлөх эрх нь Ерөнхий сайдад бий. Тэгэхээр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдэх байх” гэх хариулт өгчээ.Түүний энэ хариулт нь дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлөх сонирхолгүй буюу өмгөөлөх байр суурьтай байгааг нэг талаар илтгэж байв.