Н.Алтанхуяг: Сонгууль бүрийн өмнө шоу хийж, хүний үхлээр тоглоом хийхээ боль
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хоёр жилийн өмнө УИХ-д түр хороо байгуулагдсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох дүгнэлт боловсруулах 7 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо юм. Одоо энэ хүмүүсээс Х.Нямбаатар л байгаа юм байна. Бусад гишүүд нь байхгүй. Энэ хороог байгуулмаар байна.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэдэг нь ил болсон байхад хэргийг шийдэж болохгүй юм уу.Хэдий болтол сонгуулийн шоу хийх юм бэ. Сонгууль бүрийн өмнө шоу хийж, хүний үхлээр тоглоом хийдгийг больмоор байна.
Нууц гэдэг зүйлээ больж, захиалагчийг нь зарлах хэрэгтэй. Одоо ажил хийе л дээ. Би өчигдөр Д.Цогтбаатарт хуулийн төслөө татаад авчих, битгий ажил удаад бай гэж хэлсэн. Г.Занданшатар дарга та бүлэг дээрээ ярьж байгаад хуулийн төслөө татаад авчих л даа. Бид бодитой ажил хийе л дээ. Ард түмэн биднийг дайчин, давшингуй хурдтай, тодорхой ажиллахыг шаардаад байдаг.
Хүний эрхийн үндэсний комиссын хажууд байгуулдаг хороо гэж юу байдаг юм. Асуудлаа шийдье л даа. Юугаа нуугаад хэнийг хаацайлаад байдаг юм бэ. Ямар хулгайч нарыг 20-иод жил хаацайлаад байдаг юм бэ. Та нар завсарлага аваад татаад авчих л даа” хэмээн байр сууриа илэрхийллээ.