Ши Жиньпин дайнд бэлдэхийг Хятадын зэвсэгт хүчинд даалгажээ

Өчигдөр Хятадын Коммунист Намын төв хэвлэл Ардын Өдрийн Сонин тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпин зэвсэгт хүчнийхээ  удирдлагын төвтэй танилцсан тухай мэдээлжээ.

Сонины тэргүүн нүүрэнд Ши Жиньпиний цэргийн дүрэмт хувцастай зургийг нийтэлсэн байна. Саяхан гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг баталгаажуулсан Ши Жиньпин энэ үеэр “бүх нөөц боломжоо дайны бэлтгэлд зориулах”-ыг Хятадын Ардын Чөлөөлөх Армийн удирдлагуудад даалгасан тухай мэдээлжээ.

Ирээдүйн аюул занал, тодорхойгүй, тогтворгүй байдлаас үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд “дайны бэлтгэл сургуулилалтыг бүх талаар эрчимжүүлэх шаардлагатай” тухай тэр анхааруулсан байна.

“Бүх эрч хүчээ тулааны бэлтгэлд төвлөрүүлж, шаргуу хөдөлмөрлөж, ялах чадвараа сайруулах шаардлагатай” гэж Ши Жиньпин энэ үеэр хэлснийг сонины мэдээнд дурджээ. Тэрбээр 2013 онд БНХАУ-ын дарга болсныхоо дараахан зэвсэгт хүчиндээ дайнд бэлдэх даалгавар өгч байсан юм. Дараа нь 2017 онд дахин ийм даалгавар өгч байжээ.

Энэ удаагийн ийм үйлдэл нь АНУ болон Тайваньд анхааруулга өгөх зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн сард Бээжинд болсон коммунист намын их хурлын үеэр тэр Тайванийн асуудлыг “гадаадын нөлөө” хурцатгаж байгааг хүчтэй шүүмжилж байв. Чуулганы нээлтийн үгэндээ Ши Жиньпин “Бид хүч хэрэглэхээс хэзээ ч татгалзахгүй” гэж анхааруулж байжээ.

Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улс Тайванийг гаднын довтолгооноос хамгаалахаа хэд хэдэн удаа амлаад байгаа. Наймдугаар сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси урьдчилан зарлалгүйгээр Тайваньд айлчилсны дараа нөхцөл байдал улам хурцадсан юм.

Энэхүү айлчлалын дараа Хятадын Ардын Чөлөөлөх Арми хэд хэдэн тэнгисийн хөлөг, байлдааны нисэх онгоцоо Хятад-Тайванийн албан бус хилийн зурваст илгээж байлаа.

Сүүлийн үед Ши Жиньпиний хэлсэн үгэнд түрэмгий үг хэллэг түлхүү ашиглагдаж байгаа. Намын их хурлын нээлтийн үеэр түүний тавьсан илтгэлд “доузэнь” (тэмцэл) хэмээх үг 17 удаа давтагдсан тухай судлаачид мэдээлсэн юм. Энэ үгийг Мао Зэдунь гадаадын империализм, дотоодын ангийн тэмцлийн талаар ярихдаа олонтоо ашиглаж байсан гэдэг.

Эх сурвалж: The Guardian

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *