Г.Тэмүүлэн: Хэмнэсэн зардлаараа эрчим хүчний тарифыг хөнгөлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
2023 оны төсөв батлагдсантай холбоотойгоор хэмнэгдсэн зардлуудыг төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцууллаа.
Тэрээр “Монгол Улсын 2023 оны төсөв хэлэлцэн баталлаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ хүнд цаг үед төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тэнцлийг сайжруулсан. Түүнчлэн хэмнэсэн төсвөөрөө нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэсэн. Тэр дундаа иргэдийн эрчим хүчний тарифын хөнгөлөлт болоод иргэдийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллыг сайжруулан, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч, хэмнэсэн зардлаараа зохицуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн төсвийг хаалганы цаана хэлэлцэж баталдаг бус иргэдийн оролцоотойгоор хийдэг өөрчлөлт бий болгосноороо онцлогтой. 2023 оны төсөв эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн төсөв байсан. Төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулах шийдэл гаргасан. Ингэснээр ДНБ-нд эзлэх төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 0.23 хувиар сайжруулсан байгаа” гэв.