Шинэ хувилбарын ковидоор өвдсөн 6 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна
Манай улсад коронавирусийн Омикрон хувилбарын дэд хэв шинжүүд буюу BF.1, BQ.1.2 манай улсад бүртгэгдсэн. Эдгээрээр халдварлах үед илрэх шинж тэмдэг, эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “Омикроны дэд хэв шинжүүдийн хувьд эмнэлзүйн хэлбэр, хүндрэл, шинж тэмдэг, нас баралтад илэрхий өөрчлөлт ажиглагдаагүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-аас мэдээлсэн.
Шинээр илэрсэн дэд хэв шинжүүдээр үүсгэгдсэн өвчлөлийн үед ядарч сульдах, хоолой өвдөх, сөөнгөтөх, нус гоожих, ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Энэ нь өмнөх хувилбаруудтай ижил байгаа юм. Иймд өмнөх оношилгооны арга, эмнэлзүйд хэрэглэж байсан эмчилгээг хэвээр үргэлжлүүлэхийг ДЭМБ зөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 325 хүн коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт 6 хүн маш хүнд ангилалд, 45 хүн хүнд ангилалтайгаар эмчлүүлж байна” гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр мэдээллээ.
Иймд хүндрэлээс сэргийлэхийн тулд хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатай.