“Миний кодын эхлэл” хакатон нээлтээ хийлээ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Мэдээлэл, технологийн үндэсний парк хамтран зохион байгуулж буй “Миний кодын эхлэл” хакатон өнөөдөр нээлтээ хийлээ.
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 24 сургуулийн төгсөх ангийн 154 сурагчаас бүртгэлийн шатны шалгаруулалтад тэнцсэн 48 сурагч нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Эдгээр сурагчдыг программ хангамжийн анхан болон дунд шатны сургалтад хамруулан, практик дадлагаар өрсөлдүүлж, шилдгүүдийг шалгаруулж, их, дээд сургуульд сурах болон ажлын байранд очих хүртэл эргэх холбоотой ажиллах юм байна.
Тус хакатоныг
-Төгсөх ангийн сурагчдад мэдээллийн технологийн анхан болон дунд түвшний мэдлэг олгох;
-Багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх;
-Мэргэжлийн чиг баримжааг олгох;
-Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн дутагдлыг арилгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хакатоныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас Цахим үндэстэн болох зорилго дэвшүүлсэн энэ цаг үед төгсөх ангийн сурагчдын мэргэжилт сонголтыг дэмжих, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхлыг дэмжих, чиглүүлэх зорилготой энэхүү хакатоныг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой болж байна. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн салбарын чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд дэлхийд монгол залуучуудын оюун ухааныг брэнд болгож, уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа мэдлэгийн эдийн засгаар солонгоруулах хүртэл экосистемээр нь хөгжүүлэхийг зорьж байна.
Өнөөдөр энэ танхимд цугларсан, нүд нь гэрэлтсэн хүүхдүүд бол Монгол Улсын оюунлаг ирээдүй. Та бүхэн сонгосон мэргэжилдээ эзэн байж, зоригтой, эрч хүчтэй суралцаарай” гэж онцлов.
“Хөгжилтэй улс оронд 1000 хүнд ногдож байгаа программ зохиогч 16 байдаг бол манайд 1 хүрдэггүй. Манай улсын хүн амд тооцоод үзвэл мэдээлийн технологийн салбарынхан маань 50 мянгуулаа байх ёстой” гэж Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Э.Цогтгэрэл мөн хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn