АНУ, БНХАУ-ын удирдагчид Украинд цөмийн зэвсэг хэрэглэхийг эсэргүүцэв
Индонезын Бали аралд өнөөдөр эхлэх Их 20-ын бүлгийн чуулганы өмнөх өдөр Америк, Хятадын төрийн тэргүүн нар анх удаа нүүр тулан уулзлаа.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Даваа гарагийн өглөө гурван цаг гаруй хугацаанд хаалттай хаалганы цаана уулзаж, ярилцсан байна. Уулзалтын дараа Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлснээр хоёр удирдагч Украинд цөмийн зэвсэг хэрэглэхийг эсэргүүцсэн байр суурин дээр санал нэгджээ.
Талууд “Цөмийн дайн хэзээ ч гарах ёсгүй, гарсан тохиолдолд хэн ч ялах боломжгүй”, “Украинд цөмийн зэвсэг хэрэглэх, хэрэглэхээр сүрдүүлэхийг эсэргүүцэж байна” гэсэн байр суурь харилцан илэрхийлснийг дээрх мэдэгдэлд өгүүлсэн байна.Харин Хятадын гадаад хэргийн яамнаас гаргасан уулзалтын талаар мэдэгдэлд энэ талаар нэлээд бүрхэг мэдээлжээ.
Тухайлбал Украины хэрэг явдалд Хятад улс маш их санаа зовж байгаа, том гүрнүүдийн хооронд сөргөлдөөн гарахаас зайлсхийх хэрэгтэйг онцолсон тухай уг мэдэгдэлд дурдсан байна.Мөн ОХУ-ыг Украинаас цэргээ гаргахыг шууд уриалаагүй ч яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалжээ.
Эх сурвалж: Business Insider