Стив Жобсын өмсөж байсан хуучин сандаал $200,000-аар зарагджээ
Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс онцгой минималист хүн байсан тул хэрэглэж байсан эд зүйлс цөөхөн үлдсэн гэдэг.
Тэдгээрийн нэг болох нэлээд хуучирсан Birkenstock брэндийн сандаалыг өнгөрсөн амралтын өдөр дуудлага худалдаагаар зарахад $218,750-ын үнэ хүрчээ.1970-аад оны үед гараашд Apple компанийн эхлэлийг тавьж байхдаа Жобс үүнийг өдөр тутам өмсөж байсан гэнэ.
Дуудлага худалдааг зохион байгуулсан Julien’s Auctions байгууллага сандаалын үнийг $60,000 хүрнэ гэж тооцоолж байжээ.Олон жил өмсөж элээсэн сандаалд Жобсын хөлийн хэв үлдсэн нь ийм өндөр үнэ хүрэх шалтгаан болсон бололтой.Өмнө нь Жобсын зүүж байсан Seiko бугуйн цаг $42,000, хар өнгийн савхин хүрэм $22,400-ын үнээр зарагдаж байсан юм.
Эх сурвалж: Business Insider