Д.Амарбаясгалан: АН-ын эрх мэдэлд улайрсан хэсэг нөхөд Ерөнхий сайд бид хоёрыг хагаралдуулах гэж хичээж байна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б. Жавхлан нар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Ерөнхий сайд хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлд нь саад учруулах зорилготойгоор хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай мэдээлэл их явж байна. Миний талаар ч гэсэн мэдээллүүд гарч байна. Мэдээж эрх мэдэлтэй болон эд хөрөнгөтэй хүний эрх ашгийг газар бүр хөндөгддөг байх. Гэхдээ төрд үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа улс төрчид, алба хаагчдыг гүтгэхээ болих хэрэгтэй. Жишээлбэл, Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнээ унагааж өөрөө Ерөнхий сайд болно гэх мэт мэдээ гарч байна. Би үүнийг АН-ын эрх мэдэлдээ улайрсан зарим нэг нөхдийн хийсэн хэрэг гэж харж байгаа” гэв.