Т.Санчир: Бага байхаасаа эхлээд гадна талбай дээр нар мандахаас жаргах хүртэл тоглодог байсан. Тэр үед л би энэ спортод хайртай гэдгээ мэдэрсэн

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт (2022.11.10) 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тогтолтууд болж өнгөрсөн билээ. Тус тэмцээнд Монголын шигшээ багийг ахлан оролцож буй Т.Санчирыг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо онцолсон байна. Тэрхүү нийтлэлийг уншигч та бүхэндээ оруулж хүргэе.

Олон улсын сагсан бөмбөгийн зэрэглэлд Монгол Улс бичигдээгүй байгаад хууртаж болохгүй. Мөн эдгээр урьдчилсан шатны тоглолтуудаас өмнө тэд “FIBA Asia” тэмцээнд тоглохыг харж байгаагүй болохоор буруугаар үнэлэх вий. Азийн сагсан бөмбөгийн ертөнцөд танигдсан тоглогч тэдэнд байхгүй ч сагсан бөмбөгийн спорт нь Монголд томоохон зүйл тооцогддог. Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч Т.Санчир бидэнд ярилцлага өгөхдөө “Манай улсад сагсан бөмбөг сүүлийн хэдэн жилийн дотор томоохон спортуудын нэг  болсонд их баяртай байна” гэж хэлсэн юм.

“Нас хүйс үл хамааран хүмүүс сагсан бөмбөг тоглох болсон. Жишээ нь оффист ажилладаг ихэнх хүмүүс долоо хоногт дор хаяж хоёр удаа заал авч тоглох нь олон. Мөн Монголд ихэнх орон сууцны барилгын урд сагсан бөмбөгийн талбай байдаг. Тийм болохоор өсвөр насны хүүхдүүд зун өглөөнөөс шөнө хүртэл тэнд тоглодог” Санчир ч мөн адил өөрөө тэдгээр хүүхдүүдийн нэг байсан болохоор үүний талаар сайн мэднэ.

“Миний хувьд гэвэл, би бага байхаасаа эхлээд гадна талбай дээр нар мандахаас жаргах хүртэл тоглодог байсан. Тэр үед л би энэ спортод хайртай гэдгээ анх мэдэрсэн” Одоо 33 настай тэрбээр Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Ахлах сургуулиас эхлэн коллеж хүртэл тэрбээр хэд хэдэн лигийн аварга болж, хамгийн үнэ цэнтэй тоглогчоор олон дахин сонгогдож байсан юм.

“Коллежид элсэн орсны дараа сагсан бөмбөгт өөрийгөө зориулахыг хүсэж буйгаа би ухаарсан. Нэгдүгээр курстээ мэргэжлийн тамирчин болохоор бэлтгэж, коллежийн түвшний сагсан бөмбөгийн лигүүдэд тоглож эхэлсэн. Азаар би лигийн аваргын цомыг хоёр удаа авч, хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгасан тул эргэлт буцалтгүйгээр мэргэжлийн сагсан бөмбөгийг сонгосон” Түүний мэргэжлийн сагсан бөмбөгийн замналаас онцлох томоохон зүйл бол тэрбээр гадаадын лигт тоглосон анхны Монгол тамирчин болсон явдал.

“2015 онд надад Филиппиний сагсан бөмбөгийн холбооны хамгийн том баг болох “Barangay Ginebra San Miguel”-д гурван сарын турш тоглох томоохон боломж олдсон” Санчир “The Barangay” багт тоглохдоо Жапет Агилар гэх мэт Филиппиний алдартай тоглогчидтой танилууд болсон байна. Агилар одоо ч гэсэн Филиппиний үндэсний шигшээ багт тоглосоор байгаа юм.

Монголын шигшээ багийн туулах зам урт ч Санчир дахин Филиппин тамирчидтай тоглох нь сайхан байх болно хэмээжээ. “Хэрвээ манай баг шалгарч Филиппиний шигшээгийн эсрэг тоглох боломж олдвол би өмнөх багийн гишүүдтэйгээ өрсөлдөх тул сонирхолтой байх болно. Бид тэдний эсрэг тоглох байх гэж найдаж байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тогтолтод оролцох болсондоо их баяртай байгаа. Энэхүү тэмцээн нь манай шигшээ багийн хувьд маш чухал. Тэмцээний үр дүн ямар байхаас шалтгаалж Монголын сагсан бөмбөгийн хөгжилд томоохон ахиц гарах боломжтой. Биднийг энэ тоглолтуудаас томоохон амжилт гаргана гэж фэнүүд маань хүлээж байгаа”

Сагсан бөмбөг Монголд томоохон спортод тооцогддог тул фэнүүд нь догдолж байх нь аргагүй. Жил ирэх тусам сагсан бөмбөг хөгжсөөр ирсэн учир том амжилт гаргахыг үзэгчид хүсэж байгаа. Энэ удаагийн урьдчилсан шатны тоглолтуудад Монголын шигшээ баг эзэн орны талаас тоглож байгаа тул Ази сагсан бөмбөг сонирхогчдод Монголыг сурталчлах томоохон боломж тохиожээ.

“Манай улсын хувьд сагсан бөмбөг их өвөрмөц хөгжсөн. Монголд анх сагсан бөмбөг нэвтэрч орж ирэхэд Орос тамирчид ирж бидэнд хэрхэн сагс тоглохыг заасан. 2000-аад он гарсны дараа Өмнөд Солонгосын мэргэжлийн тамирчид бидэнтэй туршлага хуваалцаж эхлэн, 2011 оноос хойш Америк, Европын тамирчид Монголд ирж эхэлсэн юм. Сагсан бөмбөг манай улсад хурдтай хөгжиж ирсэн”

Ярилцлагын төгсгөлд Санчир “Монголчууд маань шигшээ багаа урьдчилсан шатнаас шалгарч Азийн аварга шалгаруулах тэмцээнд тоглоно гэж найдан биднийг дэмжиж байгаа. Энэ удаагийн тоглолтууд анхны удаагаа Монголд явагдаж байгаа тул уур амьсгал сайхан байна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ

Эх сурвалж: FIBA

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *