Оросын пуужин Польш улсын хил орчмын тосгонд унасны улмаас хоёр хүний амь үрэгджээ
Оросын зэвсэгт хүчний хоёр пуужин өчигдөр /2022.11.15/ Польш улсын хил орчмын тосгонд унасны улмаас хоёр хүний амь үрэгджээ.
Тодруулбал, Мягмар гарагийн үдээс хойш Пржеводов тосгоны үр тариа хатаах байгууламж пуужинд оногдсон болохыг Польшийн хэвлэл мэдээлсэн байна. Энэ нь Украины дайн эхэлснээс хойш НАТО-гийн гишүүн орны нутаг дэвсгэрт Оросын зэвсгийн цохилт хүрсэн анхны тохиолдол юм. Варшавын эрх баригчид өчигдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө шуурхай хуралдуулсны дараа зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр Польшийн нутаг дэвсгэрт агаарын цохилт өгснөө няцааж, үүнийг Украины талын зохион байгуулсан өдөөн хатгалга гэж нэрлэжээ.Харин Украины гадаад хэргийн яам үүнийг хариу няцаасан байна.
“Оросын тал Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин Польшийн нутагт унасан гэх хуйвалдааны онол зохиож байна. Энэ бол худал мэдээлэл. Оросын суртал нэвтрүүлэгт итгэх хэрэггүй” гэж тус улсын гадаад хэргийн сайд Дмитро Кулеба твиттер хуудсандаа бичжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Оросын талаас нийт 85 пуужин харвасны ихэнх нь тус улсын олон хотын эрчим хүчний байгууламжуудад туссан тухай мэдээлсэн байна. Тэрбээр энэ үйлдлийг “Их 20-ын гишүүн орнуудын нүүрийг алгадсан” хэрэг гэж тодорхойлсон юм. Энэ удаагийн агаарын цохилт Их 20-ын бүлгийн удирдагчид Индонезын Бали аралд чуулж байгаа цаг үетэй давхцаж байна.
Эх сурвалж: AFP