Охидыг нүцгэн зураг бичлэгээр нь сүрдүүлж, мөнгө авдаг этгээдийг 10 сая төгрөгөөр торгожээ
Хуурамч хаягаас өсвөр насны охидуудын нүцгэн зураг бичлэгээр нь дарамталж мөнгө нэхдэг байсан иргэн Ч.Э-г 10 сая төгрөгөөр торгож, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ.
Тодруулбал, Ч.Э нь “E Erdenetsetseg” нэртэй Фэйсбүүкийн хуурамч хаягнаас насанд хүрээгүй охин руу чат бичиж, хэрэв нүцгэн зургаа явуулбал барьцаагүй мөнгө зээлье хэмээн хандсан байна. Улмаар түүний биеийн нууц хэсгүүдээ ил гаргасан зургуудыг өөрөөр нь авхуулжээ. Дараа нь ойр дотнын хүмүүс рүү нь илгээнэ хэмээн сүрдүүлсэн бөгөөд зургуудыг олон нийтэд тараасан байна. Мөн өөр нэгэн иргэнийг мөн адилаар сүрдүүлж, хоёр сая төгрөг авчээ. Хоёр сая төгрөгөө эл сүрдүүлгийн улмаас Ч.Э-д өгсөн 12-р ангийн төгсөгч охин мэдүүлэгтээ “Зураг тарж, ойр дотнын хүмүүс харж эхэлсэн учир түүнд аавынхаа хадгаламжийн данснаас нууц үгийг нь ашиглан хоёр сая төгрөг шилжүүлсэн. Нэг хэсэг чат бичихгүй байснаа дараа нь дахин хандаж, 5 сая, дараа нь 10 сая төгрөг нэхсэн. Ингэхдээ гэрээсээ гарвал ална гэх мэтээр сүрдүүлсэн” гэжээ.
Охидын нүцгэн зураг, бичлэгийг өөрөөр нь хийлгэн барьцаалах замаар сүрдүүлж, бусдыг хохироосон Ч.Э-гийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж, 10 сая төгрөгөөр торгох, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон байна.