С.Амармэнд: Санаанд багтаад байсан учир шалгалт өгч 15-тайдаа ОЮУТАН БОЛЖ байлаа
Ivoice.mn сайтын энэ удаагийн зочноор эрх зүйч С.Амармэнд уригдлаа. Тэрбээр 19-хөн насандаа их сургууль дүүргэж, улмаар ХНБГУ-д нийгмийн хамгаалал, эрх зүйч мэргэжлээр сурдаг. Монголд байхдаа нийгмийн хамгаалал, тэр дундаа хэт архидалтын эсрэг олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан түүнтэй ийн ярилцлаа.
-Герман улсад очоод хэр удаж байгаа вэ. Ямар шалтгааны улмаас тус улсыг зорьсон бэ?
-Би 2015 онд Герман улсад ирээд 6 дахь жилдээажиллаж, амьдарч байна. Анх Герман улсад мэргэжил дээшлүүлж, суралцах зорилготой ирж байлаа.
-19 хөн насандаа МУБИС-ийг төгссөн гэж сонссон. Маш эрт сургуулиа төгсжээ?
-Би багадаа их шартай, тэмүүлэлтэй хүүхэд байсан. Дунд сургуулиа төгсөөд ахлах сургуульд ордог жил хурдхан оюутан болмоор санагдаад. Сэтгэл шулуудаад “Элсэлтийн ерөнхий шалгалт өгч чадах юм шиг байна. Шалгалтаа өгөөд анги дэвшмээр байна” гэж ээждээ хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд шалгалтаа өгөөд МУБИС-д 15 настай элсэн орж, 19 настайдаа төгссөн дөө.
-Ямар мэргэжлээр суралцсан бэ. Төгсөөд мэргэжлээрээ ажилласан уу?
-МУБИС-ийг Философи, улс төр судлалын багш мэргэжлээр төгссөн. Яг мэргэжлээрээ ажилласан гэж хэлэхэд хэцүү. 2011 онд 16 настайдаа нийгэмд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор өөрөө төрийн бус байгууллага байгуулж байсан. Оюутан байхдаа төрийн бус байгуллагынхаа хүрээнд нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байлаа. Германд ирэх хүртлээ зөвхөн төрийн бус байгууллага дээрээ төвлөрөн ажилласан.
-Төрийн бус байгууллагынхаа ажлын хүрээнд архидалтын эсрэг нэлээн олон үйл ажиллагаа явуулсан юм билээ. Архидалтын эсрэг дуугаръя гэдэг санаа хэрхэн төрсөн бэ?
-Манай төрийн бус байгууллагын гол төвлөрч хийсэн ажлуулын нэг яах аргагүй хэт их архидалтын эсрэг ажил байсан. Нийгмийн сайн сайхны төлөө өөрийн гэсэн дуу хоолойгоо хүргэе гэсэн хүсэлдээ хөтлөгдөж, гэр бүлийн асуудлыг хөндөе гэж шийдсэн. Гэр бүлийн томоохон асуудлуудыг үүсгэж байгаа хүчин зүйл нь архидалт байсан учраас нэг сэдвийг голчилсон юм. Бидний хийсэн ажлын гол зүйл нь постер хийж, үүгээрээ иргэдийг уриалах байсан.
Тэрхүү постерийг хүмүүс хараад “архийг ууж болохгүй шүү, хүүхдэд муу үлгэр дуурайлал болно” гэдэг сэдэл төрөөсэй гэж хүссэн. Тодорхой хэмжээнд энэ ажлын үр дүн гарсанд маш их баяртай байдаг. Архидалтын эсрэг ажлыг ЦЕГ, ЭМЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар дэмжиж хамтарч ажилласан юм.
Гадуур явахад энд тэнд манай постер харагдана. Нэг айл ороход хөргөгчин дээрээ наасан байсан нь маш сайхан санагдаж билээ.
-Германд одоо ямар ажил хийж байгаа вэ. Архидалтын эсрэг ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа юу?
-Би Герман улсын Мюүнстер хотын их сургуулийг төгссөн. Одоо Хасттлын их сургуульд хөдөлмөр нийгмийн хамгаалал эрх зүйн чиглэлээр магистрт сурч байгаа. Багаасаа энэ чиглэлээр ажиллаж байсан учраас нийгмийн хамгааллын ажил санаачилж хийж байгаа хүмүүстэй хамтарч үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр ажилладаг.
-Герман улсад нийгмийн хамгааллын, архины эсрэг үйл ажиллагаа ямархуу өрнөдөг вэ. Манай улсаас хэр их ялгаатай вэ?
-Германчуудын хувьд маш их шар айраг уудаг учраас архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Манай улсын хувьд архины хэт их хэрэглээтэй. Тиймээс гэмт хэргийн шалтгаан ихэнхдээ архидан согтуурлаас үүдэлтэй байдаг. Герман улс Үндсэн хуулийн 20 дугаар зүйлдээ 5 үндсэн зарчмыг тусгасан байдаг юм билээ. Үүнийхээ нэгд нийгмийн хамгааллын асуудлыг оруулсан байдаг. Герман улс нь Үндсэн хуульдаа нийгмийн хамгааллын асуудлаа тусгасан миний мэдэх цорын ганц улс. Үүний нэг тод жишээ нь нийгмийн хамгаалын шүүх байгуулсан явдал юм. Манай улс нийгмийн хамгааллын хувьд Герман улсаас суралцах маш их зүйл байгаа.
-Таны хувьд манай улс архидалтаас гадна нийгмийн хамгааллын хүрээнд юун дээр анхаарал хандуулах ёстой вэ?
-Миний хувьд хамгийн эмзэглүүлж буй асуудал бол тэгш бус байдал. Тэгш бус байдал нь нийгмийн бүх давхаргад тодорхой хэмжээнд байдаг. Жишээлбэл, боловсролын, эдийн засгийн асуудал дээр тэгш бус байдал байна. Тэгш бус байдал арилж байж нийгэм сайхан болно гэж боддог.
-Тэгвэл тэгш бус байдлыг арилгах арга зам юу байж болох вэ. Та санал бодлоо хуваалцаач?
-Нийгмийн тэгш бус байдлыг арилгахын тулд маш олон зүйл шаардлагатай. Тухайлбал, боловсролын салбарын хувьд авч үзье. Манай улс Үндсэн хуульдаа хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан . Тэгвэл бодит байдал дээр ерөнхий боловсролыг тэгш авч чадаж байна уу гэдэг нь асуудалтай.
Тэгш гэж тодорхойлсон хэрнээ хүүхэд бүр боловсролын үйлчилгээ авч байна гэж ойлгодог. Тэгвэл боловсролын чанар нь ямар вэ гэдгийг харах хэрэгтэй. Түүнчлэн малчид охиноо сургуульд сургаж, хүүгээ мал дээр гаргана гээд сургуульд сургахгүй байх тохиолдол ч бий. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийг эцэг, эх нь зөрчиж буй хэрэг.
Харин Германд боловсролын эрх зүйн талаар судлахад эцэг, эх нь хүүхдээ сургуульд явуулахгүй байснаараа хууль, эрх зүйн хариуцлага хүлээдэг. Нийгмийн тэгш бус байдлыг эрх зүйн хүрээнд болон нийгмийн харилцаан дээр маш олон алхмууд хийсний үндсэн дээр тодорхой хэмжээнд арилна.
-Таны хувьд цаашид нийгмийн хамгаалын чиглэлээр ямар ажил хийе гэж зорьж байгаа вэ?
-Монгол Улсад нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй юм билээ. Германд энэ чиглэлээр суралцаж байгаадаа өөрийгөө их азтайд тооцддог. Сургуулиа төгсчихөөд нийгмийн хамгааллаар мэргэшсэн эрх зүйч болоод эх орондоо очиж, энэ чиглэлээрээ ажиллах чин хүсэлтэй байгаа. Зорьсон маш олон ажил байгаа шүү.
-Ярилцлагынхаа сүүлийн хоромыг танд үлдээе. Манай үзэгч залуучуудад хандаж үг хэлэхгүй юу?
-Манай Монгол маш гоё улс. Шүүмжлээд байвал мэдээж асуудал их бий. Нөгөө талаас нь харвал эерэг зүйл ч зөндөө. Анх Германд ирэхэд Сири-ээс маш олон дүрвэгчид ирж байлаа. Тэднийг хараад амар тайван эх орны иргэн болж төрсөндөө баярлаж, бахархсан. Иймд залуучууд маань байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, өөдрөг амьдраасай гэж хүсч байна. Манай улсад хөгжих боломж маш их байгаа шүү гэж хэлье.
-Бидэнтэй цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.
Б.БАЙГАЛЬ
Мундаг охин байна