АНУ: Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужингийн шалгалтын дүн ямар байхаас үл хамааран хариуцлагыг нь ОХУ хүлээх ёстой
Оросын зэвсэгт хүчний хоёр пуужин Мягмар гарагт Польш улсын хил орчмын тосгонд унасны улмаас хоёр хүний амь үрэгдсэн гэх мэдээлэл түгээд буй. Харин ОХУ-ын батлан хамгаалах яам Польшийн нутаг дэвсгэрт агаарын цохилт өгснөө няцааж, үүнийг Украины талын зохион байгуулсан өдөөн хатгалга гэж нэрлэжээ.
Энэ талаар Польшоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч “Польшийн нутаг дэвсгэрт пуужин унаж, хил дээр онц байдал үүссэн асуудлаас үл хамааран бид Украиныг дэмжих болно. Одоогийн нөхцөл байдал манай хандлагыг өөрчлөхгүй. Польш улс Украиныг дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Манай улс эхнээсээ л Украиныг дэмжсэн” хэмээн мэдэгджээ.
Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда тус улсын нутаг дэвсгэрт унасан пуужинг Оросын цэргийнхэн харвасан гэх ямар ч нотолгоо байхгүй байгаа талаар мэдэгдсэн билээ. Уг пуужин Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийх байх өндөр магадлалтай аж. Тэгвэл АНУ “Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужингийн шалгалтын дүн ямар байхаас үл хамааран хариуцлагыг нь ОХУ хүлээх ёстой” гэж мэдэгдсэн юм.