|

Элон Маск ажилтнууддаа “илүү цагаар ажилла үгүй бол цалингаа аваад яв” гэсэн сонголтыг тулгажээ

Твиттер компанийг худалдаж аваад удаагүй байгаа тэрбумтан Элон Маск ажилтнууддаа хоёр сонголт тулгасан тухай АФП агентлаг тус компанийн дотоод эх сурвалжаас олж авснаа мэдээлжээ.

Тодруулбал Маск энэ долоо хоногийн Пүрэв гарагт багтаан маш өндөр ачаалалтай ажиллахыг хүлээн зөвшөөрөх, эсвэл компаниас явах хоёр хувилбарын нэгийг сонгохыг ажилтнууддаа тулгасан байна.Тэрбээр тус компанийг $44 тэрбумаар худалдаж авснаасаа хойш шүүмжлэл дагуулсан нэлээд шинэчлэлт хийхийг оролдож байгаа аж. Тухайлбал компанийн нийт 7,500 орчим ажилтны талыг цомхотголд хамруулж, гэрээсээ ажиллах горимыг зогсоосон юм.

Мөн компанийн платформд томоохон шинэчлэлт нэвтрүүлж, бизнес загварыг нь эрс өөрчлөхөөр ажиллаж байна. Үүний улмаас Твиттер компанийн ажилтнуудын дунд шилжилт хөдөлгөөн нэмэгдэж эхэлжээ. 

“Цаашид Твиттер 2.0-ийг бүтээж, улам бүр өрсөлдөөнтэй болж буй ертөнцөд амжилт олохын тулд бид маш шаргуу ажиллах хэрэгтэй. Энэ нь олон цагаар, өндөр эрчимтэй ажиллана гэсэн үг. Зөвхөн онцгой гүйцэтгэлийг л ажлын байранд үлдэх шалгуур болгоно” гэж Маск ажилтнууддаа мэдэгдсэн байна.Тэрбээр Нью-Йоркийн цагаар Пүрэв гарагийн 17:00 цагаас өмнө “шинэ Твиттер”-т ажиллах эсэхээ мэдэгдэхийг бүх ажилтнуудад даалгажээ.

Хэрвээ хариу өгөхгүй болон зөвшөөрөөгүй бол халагдсанд тооцож, гурван сарын цалинг олгоод явуулахаар болсон байна.

Эх сурвалж: AFP

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *