Б.Наранбаяр: Өвдсөн хүүхдүүд B1 давхарт хичээллэж байхдаа агааргүй болсон зүйл байхгүй
Налайх дүүргийн нэгэн сургуулийн 15-16 насны 19 хүүхдээс хоолны хордлого байж болох шинжүүд илэрсэн байж болзошгүй талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.
Энэ талаар Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр, “Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн дөрвөн давхар байр 2017 онд ашиглалтад орсон. Налайх дүүрэг цэвдэгтэй учраас B1 давхартай төлөвлөсөн байсан. Манайх өөрөө хүүхдийн эрх хамгаалах үүрэгтэй байгууллага учир хүүхдийн хөгжилд чиглэсэн маш олон үйл ажиллагааг явуулдаг. Энэ хугацаанд B1 давхрыг гараашны зориулалтаар нь нэг ч удаа ашиглаж байгаагүй. Тухайн B1 давхарт “Голомт” цогцолборын хичээлийн байргүй болсон 10 бүлгийн 350 хүүхэд хичээллэж байгаа. B1 давхрыг яг ч гарааш гэж хэлж болохгүй. Тэнд чинь зориулалтын хичээл орох анги танхимыг бүрдүүлчихсэн байгаа” гэв.
Мөн тэрбээр, “Миний зүгээс эдгээр хүүхдүүд ямар нэгэн байдлаар орчны бохирдол, агааргүй болсон, гэрэлгүй гэдгээс шалтгаалан өвдөөгүй гэдгийг хэлмээр байна. Манай барилга төвийн шугамд холбогдсон. Тиймээс утаа униар, угаар үнэртэх боломжгүй” гэжээ.