Ж.Сүхбаатар: BRT, LRT, Дүүжин тээврийг хөдөлгөнө, метро барина гэж худлаа хэлэхгүй

BRT төслийг бодитоор явуулах нөхцөл бүрдсэн талаар Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар  түгжрэлийг бууруулах шийдэл танилцуулах үеэрээ  онцолсон.

Тэрээр “Олон нийтэд хэлээгүй ч Засгийн газраас шийдвэрлэхээр тусгасан ажилд  BRT-ийг явуулах асуудал багтсан.  Үндэсний хорооны даргын хувьд биечлэн анхаарал тавиад BRT-ийг хөдөлгөе гэж  байгаа.

BRT төслийн тухайд 100 гаруй сая доллар шаардлагатай. Гэхдээ одоогоор 50 сая долларын төслийн боломж нээгдэж байгаа. Энэ мөнгийг одоогоор шилжүүлж аваагүй ч ажлыг түргэтгэж байна. BRT-ийн төсөл яваад ирэхээр үүнд тааруулаад түгжрэлд ач холбогдолтой маршрут чиглэл гаргана.

Мөн хэл амтай байсан дүүжин тээврийн асуудал бий. Үүнд Францын Засгийн газар ч нэлээд анхаарал тавьж байгаа. Тохиролцсон энэ асуудлынхаа ядаж нэгдүгээр шугамыг ажилд нь оруулъя гэж бид Францын талтай уулзсан. Монголын өвлийн улирлын нөхцөлд бүх л шаардлагыг Францын технологи хангана гэж тэд хэлсэн. Ямартай ч эхний шугамаа хийгээд үзэхээр бүгд ойлгох байх.

Үнэндээ дүүжин тээвэр одоо гацаанд орчихсон, одоо л ТЭЗҮ-ийг нь хийлгээд явж байна. Энэ ажил хавраас идэвхжинэ.

Түүнчлэн LRT төслийг нийслэл өөрөө боломжоороо урагшлуулах ёстой. LRT бол БНХАУ, ОХУ, Австрали гээд бүхий л хөгжилтэй орнуудад байдаг.

Мөн метроны асуудал дээр есөн жилийн өмнө ЖАЙКА-гийн хийсэн судалгаа байдаг. Тус судалгаагаар тухайн үед энэ нь 1.5 тэрбум долларын өртөгтэй болно гэж тооцоолсон байдаг. Харин одоо судалгаа тооцоог дахиж авч үзэх хэрэгтэй.

Миний хувьд метрог үгүйсгэдэггүй, хийх ёстой ажил гэж үздэг. Гэхдээ бид санхүүгийн нөхцөл байдлаа харвал ирэх жил гэхэд Гэрэг, Хуралдай бондын төлбөрийг төлөх ёстой. Үүнийг төлөхөд хэцүү байгаа энэ үед иргэдэд таалагдах гэж метро барих ёстой гэж хэлэхгүй”  хэмээн байр сууриа илэрхийллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *