Өөр рүү нь дайрсан чоныг модон таягаар цохиж унагаажээ
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн малчин Б.Хымбатын хот руу энэ сарын 19-ний өдөр шөнийн 02:30 цагийн үед чоно дайрчээ.
Б.Хымбат шөнө дунд мал үргэх чимээгээр гадаа гарахад хотонд чоно орж ирснийг харжээ. Тэрээр малаа хамгаалахаар хашаанд ойртоод ирэхэд чоно өөр рүү нь дайрсан байна.Малчин залуу гартаа барьсан модон таягаараа довтолж буй чоныг цохиж унагаажээ. Азаар өөрөө биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй байна.
Харин үхсэн чоно ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг шинжлүүлэхээр сумын Мал эмнэлгийн тасагт хандаад байгаа гэв.
Эх сурвалж: montsame.mn