Хордсон сурагчдын цусны шинжилгээнээс хар тугалга илэрчээ
Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн ЕБС-ийн 19 сурагч хордож эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Мөн эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байсан бөгөөд ЭХЭМҮТ-д, бусад хүүхэд нь Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй тухай мэдээлсэн.
Тухайн сургуулиас энэ талаар тодруулахад, “Сургуульд засвар хийгдэж байгаа тул Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын B1 давхарт хичээллэж байсан. B1 давхрын сургалтын зориулалтаар ашиглаж байсан болохоор хичээл ороход хэвийн, агааргүй болох, агаар дутагдах асуудал байхгүй. Хичээллэх орчноос болж хүүхдүүд өвдөөгүй” гэж мэдээлж байв.
Харин тус сургуулийн хордсон сурагчдын цусны шинжилгээнээс хүнцэл, хар тугалга илэрсэн байна. Хар тугалга нь хүний бие огт байх ёсгүй хүнд металл юм. Хэрэв хүний биед орсон бол сэтгэн бодох чадвар(IQ) -тай нь шууд хамааралтай болох нь нотлогдсон. Тиймээс мэргэжлийн байгууллагууд тухайн бодисууд яагаад хүүхдийн биеэс илэрснийг тогтоохоор ажиллаж байгаа аж.