Саудын Арабын хамгаалагчийн эрүү, нүүрний яс хугарч хүнд бэртэл авчээ
Саудын Арабын шигшээ баг өчигдөр Аргентиныг 2:1 харьцаагаар хожиж дэлхий нийтийг гайхшируулсан. Тоглолтын төгсгөлд Аргентины довтолгоо ширүүсэж, тоглолтын хэмнэл хурдассан үед Саудын Арабын хамгаалагч Ясир Аль Шахрани өөрийн багийн хаалгач Мохаммед Аль Овайсд өвдөглүүлж ухаан алдсан юм.
Улмаар талбай дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан хамгаалагч дээр яаралтай эмнэлгийн тусламж ирж дамнуурга дээр талбайгаас чөлөөлсөн билээ. Урьдчилсан мэдээгээр Шахранигийн эрүү болон нүүрний яс цуурсан, дотоод цус алдалттай гэж оношлогдсон байна.
Өдгөө 30 настай хамгаалагч цэнгэлдэх хүрээлэнг орхихын өмнө сэргэж эрхий хуруугаа гозойлгон хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг амраасан бөгөөд гэмтэл нь аминаас холуур өнгөрснийг эх сурвалжууд мэдээллээ.