Нотлох баримт болох 200 кг каннабисыг хархнууд иджээ
Энэтхэгийн цагдаа нарын хураан авсан 200 кг каннабисыг хархнууд идсэн талаар BBC мэдээллээ
Энэтхэгийн цагдаа нар хууль бус худалдаачдаас хураан авч хадгалж байсан 200 кг каннабисыг хархнууд иджээ. Шүүх цагдаа нараас хар тамхины наймааны хэрэгт нотлох баримт болгон цуглуулж өгөхийг хүсэхэд хархнууд аль хэдийнэ идсэн болохыг олж мэджээ.
Өмнө нь 386 кг хар тамхитай холбоотой өөр нэг хэрэгт каннабисыг мөн л хархнууд идчихсэн гэж мэдүүлж байв. Цагдаа нар болон албаныхан хархнуудтай хэрхэн “тэмцэх” учраа олохгүй байгаа аж. Тэд хавх, хор гээд байж болох бүхий л аргыг хэрэглэсэн ч тус болоогүй байна.
Мөн 2018 онд Аргентинд үүнтэй төстэй үйл явдал болсон ба агуулахаас хагас тонн каннабис алга болсонд хулганыг буруутгаж, найман цагдаа ажлаасаа халагдсан. Учир нь шинжээчид тэдний мэдэгдлийг үгүйсгэж, хэрэв олон тооны хулгана идсэн бол тэд агуулахаас үхсэн байдалтай олдох байсан гэжээ.
Эх сурвалж: BBC