Афганистаны иргэд өлсгөлөнг даван туулахын тулд хүүхдэдээ унтуулах эм уулгаж байна
Афганистаны иргэд өлсгөлөнг даван туулахын тулд хүүхдэдээ унтуулах эм уулгаж байгаа бол зарим нь охидоо эсвэл эд эрхтнээ зарж байгаа талаар ВВС мэдээлжээ. Талибууд тус улсад хяналтаа тогтоосноос хойш хилээ хаагдан, мөнгөний урсгал зогсож, олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа аж.
“Хүүхдүүд маань өлсөөд уйлаад унтаж чадахгүй байна. Хоол хүнс бидэнд алга” хэмээн Абдул Вахаб ярьжээ. Эмийн сан явж, хүүхдэдээ эм авч өгөхөөс өөр арга алга” гэсэн байна. Сурвалжлагч нар 10 гаруй эрэгтэйгээс хүүхдэдээ энэ мэт тайвшруулах эм өгсөн эсэхийг асуухад ихэнх нь “өгдөг” гэж хариулжээ. Гэхдээ тэдний хэрэглэдэг эмнүүд хоол хүнсний дутагдалд орсон хүүхдүүдэд өгвөл элгийг нь гэмтээхээс гадна хэт ядаргаанаас эхлээд нойргүйдэл, зан араншны өөрчлөлт зэрэг олон асуудал дагуулдаг байна.
Ихэнх айл өрхүүд зөвхөн талхаар голоо зогоож байгаа аж. Нэгэн эмэгтэй өглөөний цайндаа хуурай талх, оройн хоолондоо талхаа усанд хийн зөөлрүүлж иддэг тухайгаа ярьсан байна.
Нэгэн эрэгтэй эмнэлэгт бөөрөө нэгэн эмнэлэгт 270 мянган афгани /3100доллар/-гаар заржээ. Тэрээр биеийн байдал нь тааруухан байгаа бөгөөд амьдрах нас үлдээгүй гэж бодож байгаагаа хэлсэн байна. Эрхтнээ зарах явдал Афганистанд шинэ үзэгдэл биш аж. Талибуудыг ирэхээс ч өмнө ийм явдал мэр сэр гардаг байжээ.
Бас нэгэн айл хоёр настай охиноо зарахаар болсноо ярьсан байна. “Мөнгө зээлсэн хүмүүс өдөр бүр биднийг дарамталж, охиноо өг гэж шаардаж байна” гэж эмэгтэй ярьсан байна. Тус улсад хүүхдээ зарах явдал ч түгээмэл байдаг аж. Низамуддин гэх эрэгтэй таван настай охиноо 100 мянган афганид өгчихсөн гэв. Энэ нь бөөрөө зарахаас ч хямд тусаж байгаа аж. Бас нэг эрэгтэй хүүхдээ зарж, хүнтэй суулгахаар болжээ. Гэхдээ хүүхэд нь одоогоор жаахан байгаа тул төрөлх гэртээ амьдарч байгаа бөгөөд 14 нас хүрэхээрээ гэрлэх гэнэ. Энэ мэтчилэн Афганистанд томоохон хэмжээний хүмүүнлэгийн гамшиг тохиолдож байгаа талаар НҮБ-аас мэдээлээд байна.
Эх сурвалж: ВВС