Насанд хүрээгүй охин фейсбүүк группэд “Санхүү авна, чатад ороод ир” гэсэн зар байршуулан бусдыг залилж байжээ
Насанд хүрээгүй эмэгтэй Н нь фэйсбүүк группэд “Санхүү авна, чатанд ороод ир” гэсэн зар байршуулж, нэр бүхий 25 иргэнтэй цахимаар холбогдон уулзахаар тохирч, улмаар “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэж 3 хүнээс 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн чатаар харилцсан зурвасыг нь тухайн хүмүүсийн гэр бүл, ойр дотны хүмүүст тараахаар сүрдүүлж мөнгө нэхэн 24 хүнээс нийт 3.520.000 төгрөг авсан үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “залилах” болон “заналхийлэх” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Наранг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөнгө шилжүүлэн авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг заналхийлэх болон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхээс шүүгдэгч Н-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хуульд зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд уг ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих юм.