Онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн 11 настай хүүхдийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
11 настай Бат нь 7 настай эрэгтэй Э-г олон удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 13 настай эмэгтэй Э-г олон удаа хутгалж, биед олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдсон юм. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Батад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Батыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.
Эрүүгийн хуульд, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн” гэж заасан бөгөөд “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хувьд үйлдсэн этгээд нь 14 насанд хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Иймд, шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Батыг “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт дурдаж, уг асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.