Банк иргэнээс шаарддаг 69 төрлийн лавлагааг халлаа
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцох үйлчилгээтэй Lavlagaa.e-mongolia.mn системийг нээж байгаа талаар мэдээллээ. Энэхүү систем ашиглалтад орсноор арилжааны банкнууд иргэдээс нэхдэг 69 лавлагаа, тодорхойлолтыг иргэд бүрдүүлж өгөх шаардлагагүй болж байгаа юм.
Иргэдээс 1111 төвд лавлагаатай холбоотой гомдол ирэх болсонтой холбоотойгоор тус системийг үүсгэжээ. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сарын 30-ны байдлаар 183,383 иргэний дуудлага ирсний 61% нь лавлагаатай холбоотой гомдол ирсэн байна. Иймд дундын системийг хөгжүүлж, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв, Гаалийн Ерөнхий Газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар болон Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын иргэнтэй холбоотой лавлагааг төр өөрөө авч болох холболт хийсэн байна.
Уг системийг ЦХХХЯ, Сангийн Яамны харьяа Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв, Монголбанк, Үндэсний дата төв, И-Монголиа академи хамтран шийджээ.