Ирэх Даваа гарагт бүх сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ
Нийслэлийн автозамын түгржэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар, Цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн нийслэлийн авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, иргэдийн ажлын цагт зохицуулалт хийх албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дараах захирамжийг гаргалаа.
1.1.төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Боловсролын газар (Б.Амартүвшин)-т;
1.2.эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладагаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэл, дүүргийн төрийн захиргааны болон харъяа байгууллагын удирдлагуудад;
1.3.замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах, чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (Ц.Ариунболд), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т тус тус;
1.4.замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах үеэр болон хаасан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Д.Ганболд), “Нийслэлийн Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ (Б.Мөнхцэцэг)-т болон дүүргүүдийн Засаг дарга нарт;
1.5.замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (Ц.Ариунболд), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т тус тус;
1.6.цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор авах арга хэмжээний талаар иргэдэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар /Г.Хонгорзул/-т.
2.Байгууллагын үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдын 50-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөсүгэй.