ОХУ-аас гаргасан “Ковид-19”-ийн эсрэг эмэнд Индонези улс зөвшөөрөл олголоо
ОХУ-ын коронавирусийн халдварын эсрэг гарган авсан “Авифавир” эмэнд Индонезийн эм, хүнсний бүтээгдэхүүний хяналтын агентлаг хэрэглэх зөвшөөрөл олгожээ.
Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан болон “ХимРар” группын хамтран үйлдвэрлэсэн тус эмийг 2020 оны 4-9 дүгээр сарын хооронд явуулсан эмнэлзүйн II-III үе шатны судалгааны мэдээлэлд үндэслэн түргэвчилсэн журмаар бүртгэжээ. “Авифавир” эмийн эмнэлзүйн судалгаанд 460 хүн оролцсон бөгөөд тус эм нь “ковид-19”-ийн халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн өвчтөний эмчилгээнд өндөр үр дүн үзүүлснийг судалгааны дүн харуулсан байна.
Ийнхүү Индонези тус эмийг бүртгэн авсан Ази тивийн анхны улс болж байна. “Авифавир” эмийг ОХУ-ын бүс нутгуудаас гадна дэлхийн 15 улсад нийлүүлж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: reuters.com