Албани улс Британийн поп од Дуа Липаг иргэнээ болгожээ

Албани улсын ерөнхийлөгч Ням гарагт Британийн поп од Дуа Липад иргэний харьяалал олгох шийдвэрээ зарлажээ.

Оттоманы эзэн гүрний бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносны 110 жилийн ойг тохиолдуулан Албанийн нэр хүндийг дэлхий дахинд алдаршуулсан дуучин бүсгүйн гавьяанд үндэслэн ийм шийдвэр гаргаснаа ерөнхийлөгч Байрам Бегай тайлбарласан байна.

Дуа Липа 1995 онд Косовогийн албани үндэстэн цагаач гэр бүлийн хүүхэд болон Лондон хотод мэндэлсэн юм.

Липа рок хамтлагийн гитарчин, дуучин асан аавынхаа нөлөөгөөр таван настайгаасаа дуулж эхэлсэн гэдэг.

Түүний анхны дууны бичлэгүүд 2014 онд YouTube платформд нийтлэгдэж, улмаар 2017 онд анхны цомгоо гаргаж байжээ.

2019 онд тэр шилдэг шинэ уран бүтээлчийн Грэммийн шагналыг хүртэж байв.

Липа 2016 онд аавын хамт Sunny Hill Foundation санг байгуулсан нь жил бүр Косовод тоглолт зохион байгуулж, тус улсын ядуу амьдралтай хүн амд хандив цуглуулах зорилготой байжээ.

“Ийм хүндлэл, хайрыг хүлээж авах нь үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгалан юм” гэж сэтгэгдлээ хэлсэн Липа өчигдөр Албанийн нийслэл Тирана хотын захиргааны ордонд паспортын зургаа авхуулж, хурууны хээ болон бусад бичиг баримтаа хүлээлгэн өгчээ.

Өнөөдөр буюу Даваа гарагт тэр Тирана хотын төв талбайд тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан тоглолтоо зохион байгуулах юм.

Эх сурвалж: Associated Press

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *